Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболд: САЙХАН СУМАНД ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙГ БИЙ БОЛГОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ШҮҮ ГЭДЭГ ХҮСЭЛ ЗОРИЛГОО ЭНЭ ДАЛИМД ХЭЛЛЭЭ

-Форум дээр Хөтөл хотын маань хөгжлийн асуудлаар нэлээд бодитой хэлэлцүүлэгүүд явагдлаа. Хөгжлийн шийдлийг ч харж байх шиг. Энэ тал дээр сумын Засаг даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Хөтөл хотод маань форум амжилттай зохион байгуулагдаж байна. Миний хувьд Хөтөл хотынхоо өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд нь ямар юм. Ирээдүйн 20 жилийн хөгжлийн ерөнхий зураглалаа хэрхэн гаргаж байгаа вэ гэсэн төлөвлөгөөгөө танилцууллаа. Бидний өөрсдийн чин зорилго, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа чин хүсэл маань бол Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот хөдөөгийн сэргэлт, дагуул хотуудын асуудлуудыг маш хурцаар хөндөж байна. Энэ зүйл дээр бид Монгол Улсын дараагийн дагуул хот, 4 дэх хот болж хөгжих ямар боломж бололцоо байна. Газар зүйн болон дэд бүтцийн, аж үйлдвэрийн салбаруудын давуу талуудаа ашиглаад Монгол Улсын 4 дэх хот болох бүрэн боломжтой. Дээр нь одоогийн ажиллаж амьдарч байгаа 15 мянган иргэн дээрээ   дахиад 20-25 мянган иргэнийг энэ нутаг дээрээ суурьшуулаад шинэ суурьшлын бүсийг бий болгох бүрэн боломжтой шүү гэдэг хүсэл зорилгоо энэ далимд хэлж байна. Үүгээрээ л нэлээд онцлогтой болж байна даа.   

-Хүн амаа нэмэгдүүлэх, шинэ суурьшлын бүс болохын тулд эхний ээлжинд ямар ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байна?

-Бид бүхэн ирэх 20 жилийнхээ ерөнхий төлөвлөгөөг батлуулсан байгаа. Өнгөрсөн 2021 онд баталж, дэд бүтцийн хувьд хүн ам нэмэгдэхийн хэрээр дэд бүтцийн хүртээмжийн асуудал, нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламжийн асуудлууд хамгийн түрүүнд яригдах ёстой. Үүнийг бид бүхэн бий болгохын тулд гадаадын зээл тусламж, улс, аймаг, сум орон нутгийн төсөв, мөн Цемент шохойн үйлдвэрээ түшиглээд хөрөнгө оруулалтыг хийх ямар нөөц боломж байна гэсэн тооцоо судалгааг гаргаад явж байгаа. Үүний хүрээнд бид бүхэн тухайлбал “Шинэ Хөтөл” гэсэн суурьшлын бүсийг бий болгохоор зорьж ажиллаж байна. Одоо бид өөрсдийнхөө газар нутгийн байршил, онцлог, давуу тал, нөөц боломжиндоо тулгуурлаад “Шинэ Хөтөл” суурьшлын бүсээ хаанаа төлөвлөх вэ, хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудаа тэр бүс дээрээ төвлөрүүлээд ажил хэрэг болгон эхлээд явж байна. Та бүхэн маань манай Хөтөл хоттой танилцах юм бол бүтээн байгуулалтын ажил ид өрнөөд явж байгаа. Энэ бол бид бүхний хүсээд байгаа “Шинэ Хөтөл” суурьшлын бүсийн маань эхлэл гэж ойлгож болно.

-Төвлөрлийг яаж татах хийгээд суурьшлын бүс болох боломжоо хэрхэн харж байна вэ?

-Мэдээж хэрэг манай дээр маш том стратегийн ач холбогдолтой Монгол Улсын ууган үйлдвэр байна. Энэ үйлдвэрийг дагасан жижиг, дунд барилгын хийцийн үйлдвэрүүдийг эндээ оруулж ирэх. Үүнийг хэрхэн дэмжих вэ гэхээр. Газар болон дэд бүтцийн асуудлаар төрийн өөрсдийн хуулийн хүрээнд олгогдсон эрх хэмжээний хүрээнд дэмжиж ажиллах нөөц боломж байгаа. Мөн худалдаа үйлчилгээний чиглэлээр газар зүйн байрлал маань аялал жуулчлалын томоохон бүс болох Хөвсгөл, Булган чиглэлд манай авто зам дайран өнгөрдөг. Улсын зэрэглэлтэй 3 том хоттойгоо авто болон төмөр замаар холбогдсон. Ийм давуу талтай байдаг болохоор энд худалдаа үйлчилгээ гээд бүх төрлийн жуулчид, явуулын хүмүүсийн нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэх, бизнес эрхлэх боломж манай Хөтөл хотод байна шүү. Үүнийг бизнес эрхлэгчид маань тэр бүр анзааран харж чадаагүй, та бүхний хүсч байдаг ашиг олох, бизнеэсээ өргөжүүлэх боломж манай хотод байгаа шүү гэдгээ нээлттэй зарлаж байна. Бид бүхэн 2022 оныхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө, бүх бизнес эрхлэгчдийг урин дуудсан, бүх дэд бүтцийг шийдсэн байршлуудыг нь сонгосон хүлээж байна. Ингээд аж ахуйн нэгжүүдэд хандахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтууд эхнээсээ маш их орж ирж байна. Наад зах нь энэ жил ашиглалтад орох 40 айлын, 20 айлын, 24 айлын амины болон нийтийн орон сууцуудын ажил хийгдэж байна. Мөн ирэх жилийн төсөв төлөвлөгөөнд тусгагдаад мөнгө нь шийдэгдсэн барилга байгууламжийн ажлууд хүлээгдээд байж байна. Ийм олон сайхан боломжууд орж ирж байна. Бидний зүгээс хамгийн гол нь инженерийн байгууламж, дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга зэрэг инженерийн шугам юмныхаа төсөв санхүүг маш хурдтайгаар шахаж, гүйцэтгүүлж чанартай хийж явахгүй бол хувийн хэвшлийнхээ хурдыг гүйцэхгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй байгаа. Бид урьж ажиллуулж байгаа учраас бидэнд маш их ажил хүлээгдэж байна. Манай Хөтөл хот 38 жилийн түүхтэй залуу хот. Газар тариалан, аж ахуй хослон хөгжсөн. Газар зүйн байршлын онцлогоо ашиглаж хэрхэн сумандаа хөрөнгө оруулалт татах, худалдаа үйлчилгээг үзүүлэх зэргийг эрж хайсан форум болж байна. Бид шинэ Хөтөл суурьшлын бүсийг танилцууллаа. Монгол Улсын дөрөв дэх хот болон хөгжих боломж байна. Дагуул хотын асуудлыг маш хүчтэй ярьж байгаа энэ үед Дархан, Эрдэнэтийн дараа орох боломж бий. Тэгэхээр төрийн бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 40 мянган хүний суурьшлын бүс бий болох боломж байгаа гэдгийг хэлэх байна. 

Ч.Отгонцэцэг