МЭНДЧИЛГЭЭ
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт, Сүхбаатарын одонт аймгаар тодорч, төрд үнэлэгдэж, түмэнд алдаршсан бахархалт үйлсийг бүтээлцсэн Сэлэнгэ нутгийн бүрэн эрхт эзэд Та бүхэндээ АХМАДЫН ӨДРИЙН БАЯРЫН халуун мэндчилгээг аймгийн удирдлагын багийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх аз жаргалаар тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Манай орон 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 30 дахь жилтэйгээ золгож байна.
Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ.
Аймгийн төр захиргааны байгууллагын бодлогын төвд ахмад настны эрүүл мэнд, амьжиргаа, хөгжил, оролцоо, нийгмийн үйлчилгээ авах, эрхийг нь хангах асуудал онцгой байр суурь эзэлдэг бөгөөд боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байна.
Цаашид ч ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж хэрэгжүүлэх болно.
Төрөлх нутгийнхаа төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд Та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Нацагдоржийн ЛХАГВАДОРЖ