МОНГОЛ УЛСЫН БААТАР Ж.НЭХИЙТИЙН НЭРЭМЖИТ ХИЛИЙН ЦЭРГИЙН 0101-Р АНГИ "ТАВТ" МОД ҮРЖҮҮЛГИЙН АГРО ПАРК БАЙГУУЛЛАА
Монгол Улсын хэмжээнд "Тэр бум" мод хөдлөгөөн идэвхтэй өрнөж байгаа. Тус хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болох эрхэм зорилготойгоор оролцож байна.
Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дугаар ангийн удирдлага Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хугацаат цэргийн албан хаагчдаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбар дахь ойжуулагч мэргэжлийн сургалтад хамруулан төгсгөж мэргэжилтэй болгох ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, хөндлөнгийн үнэлгээ баталгаажуулалт хийгджээ. Үнэлгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын үнэлгээ гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Д.Болортуяа, үнэлгээний ажилтан Эрдэмтэн агрономич А.Оюунгэрэл, мэргэжлийн сургагч багш Н.Галбадрах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн агрономич Ж.Мөнхбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын ерөнхий агрономч ахлах дэслэгч Б.Пагам нар удирдлага арга зүйгээр ханган ажилласан байна.
Хилийн цэргийн 0101-р ангийн ахмадын хорооны дарга, бэлтгэл дэд хурандаа Б.Нямсүрэн ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй болсноор хугацаат цэргийн албан хаагчдад мод үржүүлгийн талаарх сургалтыг явуулж, тус сургалтад хамрагдсан хугацаат цэргийн албан хаагчид ур чадвараа ийнхүү үнэлүүллээ.
Тус анги нь “Тавт” мод үржүүлгийн агропарк байгуулж, ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдсан хугацаат цэргийн албан хаагчид болон, ангийн нийт бүрэлдэхүүн 1.5 га газарт нарс-90000ш , бургас-75000ш, улиас-45000ш, агч, хайлаас, буйлс зэргийг үрийн тариалалтаар тус тус тарьж бойжуулаад байна.
Мөн бусад агропарк болон, хил хамгаалах байгууллагын ангиудад модны үр, харандаан суулгац зэргийг бэлтгэн нийлүүлээд байгаа юм.
Цаашдаа Хилийн цэргийн 0101 ангийн агропарк Хил хамгаалах байгууллагын зүгээс санаачлан зохион байгуулж буй “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд ирэх 2023 оноос тал хээрийн бүсийн хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх, байгалийн гамшигт үзэгдэл, цас, бороо, шороон шуурга, элсний нүүдлээс хамгаалах зорилгоор бусад хил хамгаалах байгууллага, говь хээрийн агропаркуудад модны үр, тариа, харандаан суулгац зэргийг бэлтгэн нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Уг ойжуулагч мэргэжлийн сургалтыг цаашдаа тогтмол явуулж хугацаат цэргийн албан хаагчдыг нэг жилийн хугацаанд давхар мэргэжилтэй болгож, ур чадварыг нь үнэлүүлэн чадамжийн гэрчилгээ олгох ажлыг хил хамгаалах байгууллагаас онцгойлон анхаарч ажиллаж байна.