ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА АМЖИЛТТАЙ ХААЖ ХАЛАГДАН ИРСЭН ДАЙЧДЫГ УГТАН АВЛАА
Сэлэнгэ аймгаас 2021 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар тэнцэж Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад хугацаат цэргийн албаа амжилттай хааж халагдан ирсэн дайчдыг орон нутагт нь угтан авах арга хэмжээг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Цэргийн штабын офицерууд болон халагдан ирсэн дайчид тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Цэргийн штабын дайчилгааны офицер дэд хурандаа Б.Мөнгөнцоож:-"Албаа үлгэр жишээчээр хааж Сэлэнгэ сайхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн дайчиддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Ар гэрийнхэн та бүхэн үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлсний үр дүнд эдгээр залуусаа бид яг жилийн өмнө эндээс үдэн мордуулж байсан бол өнөөдөр эндээ угтан авч байгаадаа маш их баяртай байна. Үр хүүхдээ, ханиа, дүүгээ, найзаа иргэний цэргийн үүргээ биелүүлэх боломжийг олгосон та бүхэнд аймгийн Засаг дарга болон аймгийн удирдлагын багийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв".
Эдгээр дайчид дунд цэргийнхний олимп гэгддэг Зэвсэгт хүчний болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактик тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож аймаг орон нутгийнхаа нэрийг гаргаж хос алтан медаль гялалзуулсан дайчид, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах бусад төрлийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож медальт болон шагналт байруудад шалгарсан амжилтыг илэрхийлэх шагналуудаа бахархалтайгаар гялалзуулсан дайчид олон байсныг онцлоход таатай байна.