АЛТАНБУЛАГ СУМЫН ЭМНЭЛЭГ ГАЛ ТОГООНЫ ИЖ БҮРЭН ХЭРЭГЛЭЛТЭЙ БОЛЛОО
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Чойсүрэн, "Сэлэнгэ Энерго"ОНӨААТҮГ-ын дарга Б.Алтансүх нарын хамт Алтанбулаг суманд ажиллаж сумын ЭМТөв болон уурын зуухны нөхцөл байдалтай танилцлаа.
Өнгөрсөн хугацаанд сум бүрт аймгаас ажлын хэсгүүд томилогдон ажиллаж тухайн суманд нэн шаардлагатай байгаа асуудлуудыг тодотгон гаргасан. Алтанбулаг суманд халаалт дулаан болон эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмжийн асуудал нэн тэргүүнд тавигдсан.
Энэ өдөр аймгийн дарга сумын эмнэлэгт гал тогооны иж бүрэн хэрэглэлийг албан ёсоор хүлээлгэн өгч үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон сум орон нутгийнхаа дэмжлэгтэйгээр өөрсдийн хүч боломжоор 3 эмч мэргэжилтэн амьдарч суух шинэ байшин барьж байгаагаа танилцууллаа.
Халаалт дулааны чиглэлээр аймгийн дарга тус суманд өөрийн биеэр хэд хэдэн удаа ирж ажилласан бөгөөд мэргэжлийн багийг ч удаа дараа томилон ажиллуулсны үр дүнд уурын зуухны нөхцөл байдал сайжирч өнөөдөр 2 ч шинэ зуухтай болж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.