ДЭЛХИЙН ВЕГАН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ВЕГАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дэлхийн веган өдөрт зориулсан веган өдөрлөгийг “Монголын Органик Ногоон Хүнсний Холбоо”ТББ-аас Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургууль дээр зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд “The Game Changers” хэмээх баримтат киног гаргаж, веган амьдралын хэв маягийн талаар асуулт хариулт явагдан, зочдод веган хоолоор үйлчиллээ.
“Монголын Органик Ногоон Хүнсний Холбоо”ТББ нь дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмэр оруулах, органик газар тариаланг дэмжих, ургамалд суурилсан хүнсний хэрэглээг олон нийтэд таниулах, байгаль орчныг хамгаалах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Тус байгууллагаас эдгээр үйл ажиллагааныхаа хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийн байгаль орчныг хамгаалах, бодит оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндээ тэтгэхэд түлхэц болох баримт нотолгоо бүхий мэдээлэл түгээх зорилгоор дэлхий дахинаа алдаршсан “The Game Changers” хэмээх баримтат киног дэлхийн веган өдрөөр танилцууллаа.
Кинонд ургамалд суурилсан хоололтын ач тусыг харуулдаг бөгөөд дэлхийд алдартай, ургамлан хоолтон тамирчдын амжилтын түүхийг дэлгэж, шинжлэх ухааны судалгаанаас иш татан, тамирчин бус хүмүүст ч ургамлан хоол ямар ач тустай болохыг тайлбарлажээ. Тус тамирчид амжилтаа илүү ахиулахын тулд яагаад зөвхөн жимс ногоог хоол хүнсэндээ хэрэглэдэг тухай сонирхолтой баримтаар үзүүлсэн байна.
Даяаршиж буй дэлхий дахинд эрчимтэй явагдаж буй хүнсний хувьсгалын нөлөөгөөр эрүүл мэнд байгаль орчинд ээлтэй, ургамалд суурилсан шинэ эриний хооллолтруу олон сая хүн шилжиж уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох хамгийн үр дүнтэй аргыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсаар байгаа гэдгийг “Монголын Органик Ногоон Хүнсний Холбоо”ТББ-ын тэргүүн Ө.Мөнхбаяр хэлж байв.