“АЙ ТИ ЭМ-2022” ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГТ МАНАЙ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ ХУДАЛДААНЫ САЛБАРЫНХАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 37 ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“International Travel Mart 2022” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Байгаль Орчин аялал жуулчлалын яамтай хамтран “Шинэ сэргэлт–Аялал жуулчлал” уриан дор 23 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээ аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хоорондоо туршлага хуваалцах, туршлага судлах, харилцагчид хоорондын уялдаа холбоо, түншлэлийн харилцааг батжуулах, мэдээ мэдээллээр хангагдах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, оновчтой гарц гаргалгааг эрэлхийлсэн олон талт боломжуудыг бий болгосноороо онцлог боллоо.

Үзэсгэлэнд 21 аймаг  нэгдсэн зохион байгуулалттайгаар, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, Турк болон ОХУ-ын Буриад улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт дотоод гадаадын 300 орчим аж ахуйн нэгжүүд оролцлоо.

 “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, орон нутгийн төлөөлөлд зориулсан туршлага судлах практикт суурилсан хөтөлбөрт ажил, сургалт хэлэлцүүлгээр үргэлжилсэн нийт 5 өдрийн үйл ажиллагаанд аялал жуулчлал, зочлох үйлчилгээ эрхлэгчид, судлаачид, сонирхогчид, хэвлэл мэдээллийнхэн, төр хувийн хэвшлийн төлөөлөл, гадаад дотоодын аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийг оролцуулан 300 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож, 8000 орчим үзэгч сонирхогчид үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд хамрагдлаа. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс нар аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгч нарын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлаар уулзалт зохион байгуулав. Энэ жилийн үзэсгэлэнд Сэлэнгэ аймгаас аялал жуулчлалын 8, үйлдвэрлэл худалдааны 5 компани оролцож, нийт 37 гэрээ байгуулж, 4,000,000 орчим төгрөгийн борлуулалтыг хийлээ.

БОАЖЯамны сайд Б.Бат-эрдэнэ төрөөс хэрэгжүүлж буй бодлого чиглэлээ танилцуулж, аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах, амралтын бус аяллын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг онцолж, орчи нөхцлөө сайжруулж, үнэгүй бүхнээс татгалзаж үнэ цэнэтэй байхын тулд үнэлгээний системийг  нэвтрүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Буриад улсын АЖ-ын сайд Доржиев Алдар Джангарович Монгол улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх талаар ярилцав. Тус уулзалтад аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Ц.Бүрэнбаатар, “Зэлтэрийн зам” ХХК-ийн захирал Д.Лхагвачулуун нар оролцож, түншлэлийн гэрээ байгууллаа.