ЗУЛ БИЧИГ
Гаваагийн Нямсүрэн нь 1928 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт төрсөн. Бага наснаасаа эцэг, эхээ даган мал маллаж 1957 онд Баруунбүрэн сумын “Өрнөлт” нэгдэлд эм хонь маллаж эхэлснээс хойш мал аж ахуйн салбарт өөрийн ухамсарт амьдралаа зориулсан арвин баялаг туршлагатай малчин байлаа.
Тэрээр мал маллах хугацаандаа малын зүй бусын хорогдолгүй ажиллаж төллөх эм хониноос 100 эхээс тогтмол 100-118 хувиар төлөө бойжуулж, малынхаа тарга хүч, нэг малаас авах ашиг шимийг тогтмол нэмэгдүүлэн сум, аймаг, улсын болзолт уралдаануудад удаа дараа шалгарч байсан юм.
-1960 онд Өрнөлт нэгдлийн “Аварга төлчин”
-1961 онд Сэлэнгэ аймгийн “Сайн малчин”
-1971 онд 652 эм хониноос 692 хурга бойжуулсан амжилтаар БНМАУ-ын “Аварга малчин”
-1973 онд Алтай Монголын эрлийз эм хониноос бойжуулан авах төл, ноос бусад ашиг шимийг 3 жил дараалан 100-106 хувь биелүүлсэн тул Өрнөлт нэгдлийн “Аварга хоньчин”
-1975 онд эм хонины амьдын жинг 60-аас дээш кг-д хүргэж нэгдлийн “Тарга хүчний аварга”
-1976 онд малын зүй бус хорогдолгүй ажилласан тул БНМАУ-ын ХААЯ, нэгдлийн холбооны дээд зөвлөл, МХЗЭ-ийн төв хороо, хөдөө аж ахуйн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны уралдаанд шалгарч мөнгөн шагнал
-1977 онд Сэлэнгэ аймгийн “Энх мэнд сүрэгтэн”
-1977 онд 571 эм хониноос 571 төл бойжуулж төлөө 100 эхээс 100 хувь, 1978 онд 695 эм хониноос 717 төл бойжуулж 100 эхээс 103 хурга тус тус бойжуулсан тул 1979 оны сумын аварга төлчин болж улмаар МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 28-р тогтоолоор диплом, мөнгөн шагнал
-Ноос бэлтгэх төлөвлөгөөг 115-130 хувиар биелүүлж 1977, 1978, 1980 оны “Ноосны аварга”
-1981 онд 513 эм хониноос 528 төл бойжуулж 100 эхээс 103 хурга, 1980 онд 540 эм хониноос 565 төл буюу 100 эхээс 104 хурга бойжуулж нэг хониноос дундажаар 28-30 кг ноос авч амжилт гаргасан тул Сэлэнгэ аймгийн “Хөдөлмөрийн аварга”
-1981 онд 118 хувиар төлөө бойжуулсан тул сумын “Аварга төлчин”
-1981, 1983 онд мал сүргээ онд мэнд оруулж төлөө бүрэн бойжуулж социалист уралдаанд өндөр амжилт гаргасан тул МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв зөвлөл, МХЗЭ-ийн төв хорооны хүндэт жуух бичиг, мөнгөн шагнал
-1975 онд БНМАУ-ын социалист аж төрөх ёсыг хэвшүүлэх зорилгоор 10 яамнаас явуулсан соёлжилтын үзлэгээр “Соёлч өрх”-өөр тус тус шалгарч байв.
1959 онд Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадамд төлөөлөгчөөр, 1960 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож, 1966, 1976 онуудад МАХН-ын 15,17-р их хурлын төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн депутатаар 4 удаа, Намын хорооны бага хурлын төлөөлөгчөөр 4 удаа, бүгд хурлын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож байв.
Г.Нямсүрэн нь улс эх орондоо үр нөлөөтэй ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ 10 хүүхэд төрүүлж өсгөн, үр хүүхдүүдээ өөрийн үлгэр дууриалалаар зөв боловсон, ажилч хичээнгүй болгон хүмүүжүүлсэн буятай сайхан ээж байлаа. Үр хүүхдээ өв тэгш өсгөн хүмүүжүүлж эрдэм боловсролтой болгож 4 багш, 3 эмч, 1 эмнэлгийн лаборант, 1 холбооны техникч, 1 мал зүйч боловсрол эзэмшүүлсэн тул 2000 онд Сэлэнгэ аймгийн “Алдарт эх”, Сэлэнгэ аймгийн “Зууны манлай ахмад”, 2011 онд Сэлэнгэ аймгийн “Шилдэг ээж”-ээр тодорч байв.
Г.Нямсүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Монгол Улсын “Тэргүүний уран сайханч” цол тэмдэг, Алдарт эхийн 1, 2-р зэргийн одон, Монгол Улсын “Гавъяат малчин” цолоор шагнажээ.
Г.Нямсүрэн нь мал аж ахуйн үйлдвэрлэлд Монгол, Алтай, Орхон үүлдрийн эрлийз хонь хариуцан маллахдаа улс нийгэмдээ 16815 төл буюу 30 гаруй суурь хонийг бойжуулан өсгөсөн Сэлэнгэ аймгаас төрсөн анхны “Гавъяат малчин” байлаа.
Г.Нямсүрэнгийн ажилч хичээнгүй, нөхөрсөг, тууштай, хөдөлмөрч зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР