МАНАЙ АЙМАГТ 5 АЙМГИЙН 21,6 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ОТРООР ОРЖ ИРЭЭД БАЙНА

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгуудтай “Өвөлжилт, отор, нүүдлийн асуудал”-аар цахим хурал хийлээ.

Хуралд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Я.Мөрөн, ОБГ, ХХААГ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд, сумдын Засаг дарга нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” 277 дугаар тогтоолийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын “2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 02 тоот албан даалгаварыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ жил манай аймагт 1,9 сая толгой мал өвөлжихөөр зохион байгуулалтын арга хэмжээг аваад байна. Мал сүргийн 97 хувь нь дунд ба дундаас дээш тарга хүч аваад байна.

Бусад аймаг орон нутгаас отор нүүдлээр Орхонтуул, Сайхан, Мандал сумдад 5 аймгийн 21,6 мянган толгой мал орж ирээд байна.

Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийг 104,7 хувьтай бэлтгэлээ.

2022-2023 оны өвөл хавар бэлчээрт 3993 инжинерийн хийцтэй болон энгийн худаг ашиглагдах бөгөөд бэлтгэл бэлэн байдал, өрхийн усан хангамж бүрэн хангагдаад байна.