АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Энэ сарын 15-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган манай аймагт албан айлчлал хийлээ. Зочдыг энэ сарын 15-ны өдөр аймгийн Засаг дарга тэргүүтэй удирдлагын баг хүлээн авч уулзан, орон нутгийнхаа талаар танилцууулж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайдын хувьд бүхий л салбарт түншилж, хамтарч ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийлээд, уулзалтаар ярилцсан асуудлуудыг холбогдох албаны хүмүүстэйгээ хэлэлцээд ажил хэрэг болгон ажиллах болно гэв.

Мөн тэрээр, “2 орны харилцааны нэлээд онцлогтой үед элчин сайдаар томилогдон ирлээ. Ардчилсан 2 орны хооронд дипломат харилцаа тогтоогоод 35 жил болж буй ойн жил тохиож байна. Энэ удаан жилийн харилцааг цааш үр өгөөжтэй үргэлжлүүлэх маш олон боломжууд байна гэдгийг би харж байна. Аймгууд орон нутгийн хэмжээнд харилцаагаа улам өргөжүүлэх боломжууд ч байгаа. Та бүхний тавьж буй зорилго, зорилтуудтай нийцүүлэн элчин сайдын яамны зүгээс аймаг орон нутгийн удирдлага, ард түмэнтэй ямар чиглэлээр цаашдаа харилцан ажиллах хамтын ажиллагааны боломжууд байгааг бид сайн ярилцах хэрэгтэй” хэмээн ярилаа.

Аймгийн Засаг даргын зүгээс “Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газраас бодлогын хүрээнд Сэлэнгэ аймаг руу маш их анхаарч ажиллаж байгаа. Агаарын бохирдол, цөлжилттэй холбоотойгоор улсын хэмжээнд зарласан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймаг өөрөө нийлүүлэгч аймаг болохоо зарласан. Мөн хүнсний хувьсгал буюу Монгол Улс өөрөө экологийн цэвэр бүтээгдэхүүн, хүнсээ дотооддоо үйлдвэрлэх улс болохоо зарласан. Сэлэнгэ аймаг өнөөдөр хүнсний ногооны 30 хувийг үйлдвэрлэж, улсынхаа хэрэгцээг хангадаг. Энэ тоо цаашид өсөх боломж бий. Харин энд шаардлагатай зүйл гэвэл хадгалах зоорины асуудал тулгамдаж байгаа асуудал болоод байгаа. Түүнчлэн Сэлэнгэ аймагт стандартын өвлийн хүлэмж шаардлагатай байгаа” хэмээв.

Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймаг АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Сүхбаатар сумын 5 дугаар багт олон улсын стандартад нийцсэн 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан.

Элчин сайд Ричард Буанган шинэ ажлаа аваад нэг сар болж байгаа бөгөөд 1988 онд АНУ-ын дипломат төлөөлөгчийн газар нээгдсэнээс хойш Монгол Улсад томилогдсон 13 дахь элчин сайд юм.