“Цемент шохой” ТӨХК-ийн Ерөнхий технологич бөгөөд Технологийн бодлогын хэлтсийн дарга З.ОЮУНЧИМЭГ: ХЭРЭГЛЭГЧДЭД ХАНДАН ХЭЛЭХЭД, МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРТ ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ

“Хөдөлмөрийн үр шимийн баяр-2022” үйл ажиллагааны “Чанарыг эрхэмлэгч байгууллага”-аар Сайхан суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Цемент шохой” ТӨХК  шалгарч, аймгийн Засаг даргын батламж, мөнгөн шагнал хүртсэн.  “Цемент шохой” ТӨХК-ийн Ерөнхий технологич бөгөөд Технологийн бодлогын хэлтсийн дарга З.Оюунчимэгийн яриаг хүргэе.

-Цементийн чанарын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай цементийн үйлдвэр 1985 онд ашиглалтад орсон. Чулуунцрын үйлдвэрийн эргэх зуухны агуулах 15 мянган тоннын хүчин чадалтай байсныг хуурай аргын эргэх зуух ашиглалтад орсноор томруулж, 60 мянган тоннын багтаамжтай болгосон. Зарим үед нөөцөө ахиу бүрдүүлэх зорилгоор задгай талбайд клинкер (хагас боловсруулсан бүтээгдэхүүн) хураадаг. 2021 онд 15 мянган тонн клинкер нөөцөлсөн байснаар өнгөрөгч наймдугаар сард 32.5 маркийн цемент үйлдвэрлэж, замын ангид нийлүүлсэн. Ингэхдээ хадгалсан клинкерээс нийт 70 гаруй удаагийн дээж авч, туршилт шинжилгээ хийж, улмаар чанар, стандарт хангасан гэж үзсэн.

-Лаборатори юунаас дээж авч шинжилдэг вэ? Чанарын үзүүлэлтээ яаж хэмждэг вэ?

-Манай лабораторийн итгэмжлэл дөрөв дэх удаагаа сунгагдан, үйл ажиллагаагаа явуулж байна. Түүхий эдээ уулнаас буюу ордоос авдаг. Иймд анхдагч түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл шат дамжлага бүрээс цаг тутамд дээж авч, шинжилгээнд оруулснаар бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг. Би энэ салбарт 39 дэх жилдээ ажиллаж байна. Үүний 27 жилд нь лаборатори, сүүлийн 10 жилд технологийн хэлтэст ажиллаж, үйлдвэрийн бүх технологиор ажиллаж үзсэн. Иймд хэрэглэгчдэд хандан хэлэхэд, манай бүтээгдэхүүний чанарт эргэлзэх хэрэггүй.

Эх сурвалж:Монцамэ