ЗУЛ БИЧИГ
Нүүшигийн Шархүү (1944-2022)
Монгол Улсын Гавьяат агрономич Нүүшигийн Шархүү 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт хүнд гарз тохиолоо.
Н.Шархүү нь 1944 онд Улаанбаатар хотод төрсөн. 1963 онд Зүүнхараа хотын 10 жилийн сургууль, 1968 онд ХАА-н дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсөж 1968 онд Сэлэнгэ аймгийн Ерөөгийн САА-н Мануухайтын 2-р тасгийн дарга, агрономичоор ажлын гараагаа эхэлсэн.
1971-1976 онд САА-н үрийн агрономич, 1976-1990 онд Ерөнхий агрономич, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга, 1990-2018 онуудад “Их Шинэстэй”ХХК, “Шинэ Тариа”ХХК, “Сэлэнгэ буудай”ХХК, “Мон Лакс”ХХК, “Сонжин агро”ХХК, “Бадрал трейд”ХХК, “Өгөөж андууд”ХХК, “Сонсголон хайрхан”ХХК, “Ерөө трейд”ХХК, “Дацан трейд”ХХК-д зөвлөх агрономичоор ажиллаж байв.
Н.Шархүү газар тариалангийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа сайн боловсруулсан хөрсөнд чанарын шаардлага хангасан сайн үрийг богино хугацаанд ургуулж өндөр ургац авах агротехникийн технологийг мөрдүүлэхээс гадна залуу хойч үеэ сурган төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бахархалт хүмүүн байлаа.
Түүний газар тариалангийн үйлдвэрлэлд оруулсан нөр их хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж 5,7,8-р таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 70,80,90,100 жилийн ойн медаль, Атарчдын алдар, Чингисийн 800 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын гавьяат агрономич цол хүртээжээ.
Талийгаачийн улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, тэр дундаа газар тариалангийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөр бүтээл, элгэн садан олондоо хүндлэгдсэн эгэл даруу зан чанар, гэгээн сайхан бүхэн нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Гэр бүл, үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР