АЙМГИЙН БОАЖГ АЖЛААРАА УЛСДАА МАНЛАЙЛЛАА

Аймгийн БОАЖГ-ын хамт олон Байгаль орчин, аялал жуулчлалын салбартаа улсдаа тэргүүллээ. Тус газрынхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан 2022 онд хамтран ажиллах гэрээг 95.1 хувиар биелүүлээд байна.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай байгуулсан гэрээгээр ойн салбарын хүрээнд тайлант хугацаанд ойн нөөц ашигласны төлбөрийн орлогыг 1.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөнийг 7.8 тэрбум төгрөг болгон өсгөж, орон нутгийн төсөвт төвлөрүүллээ. Энэ нь 6.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5 дахин юм. Үүнд хэрэглээ, түлээний мод ашигласны төлбөр, ойн дагалт баялаг ашигласны төлбөр зэрэг олон үзүүлэлт багтдаг.

-Сэлэнгэ аймаг 2022 онд ус ашигласны төлбөрийн орлогыг 900 сая төгрөгөөр төлөвлөж эндээс 1,408,644,312 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, 508,644,312 төгрөгөөр давж биелүүллээ.

 -Уул уурхайн нөхөн сэргээлтийн хувьд аймгийн хэмжээнд 2022 онд дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж 112.45 га талбайд техникийн, 89.74 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийгээд байна.

Аймгийн хэмжээнд эвдэрч олон жил эзэнгүй орхигдсон нийт 257.4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлынхаа үзүүлэлтээр улсдаа гутгаар байрт шалгарлаа.

Нөхөн сэргээлтийн арга хэмжээний хүрээнд 710 ширхэг жимс, жимсгэний мод тарьж, Ерөө сумын “Хужиртын эх” нэртэй булгийг хашиж хамгаалсан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 396,081 ширхэг мод, бут тарьж ургуулсан зэрэг амжилтаар улсдаа манлайллаа.

Хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүсье.