МАНАЙ АЙМАГ ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ УЛСЫН ХЭРЭГЦЭЭГ 60 ХҮРТЭЛ ХУВЬД ХҮРГЭХ БОЛОМЖТОЙ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн хоршоологчдын төлөөллийг хүлээн авч уулзан тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, гарц, шийдлээ тодотгон ярилцаж, харилцан санал солилцлоо.
Уулзалтад аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүн З.Амарсайхан, 17 сумын хоршоологчдын төлөөлөл оролцлоо.
Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт төмс хүнсний ногооны 30 хүртэлх хувийг дангаараа үйлдвэрлэдэг онцлогтой. Хоршоологчдын дийлэнх хэсэг нь энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.
Энэ удаагийн уулзалт ярилцлагын үеэр хоршоологчдоос ногоо тариалах газар, зоорины хүрэлцээ хангамж, борлуулалт, хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмж зэрэг асуудал тулгамдаж байдаг тул анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байв.
Аймгийн Засаг даргын зүгээс Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн болон бусад салбар чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд хоршоологчдын үйлдвэрлэж байгаа аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нийлүүлж эдийн засгаар дэмжлэг үзүүлэх, тарьц суулгацыг бүс нутагт тохирсон байдлаар тариалах, шинийг сурч мэдэх харилцан туршлага судлах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
Аймгийн хэмжээнд сум тус бүрээр цөлжилт яг хаана явагдаж байна, тэнд ямар мод тарьж ургуулах, бусад газруудад ямар ямар мод тарих вэ гэдэг судалгааг нарийвчлан гаргаж байгаа учир тэр хүрээнд тарьц суулгац тариалагч хоршоодоо эдийн засгаар дэмжих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа Засаг дарга хэллээ.
Мөн аймгийн дарга Хүнсний хувьсгалын хүрээнд Сэлэнгэ аймаг төмс хүнсний ногооны улсын хэрэгцээг 60 хүртэл хувьд хүргэх боломж нөхцөл, мэргэжлийн боловсон хүчин байгаа учир 4 улирлын хүлэмж, зоорь бусад асуудал дээр дэмжиж ажиллах саналыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлаад байгаа юм.