АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХАМТ ОЛОН “ОРАНЖ ӨДӨР”-Т НЭГДЛЭЭ

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хууль болон Үндэсний хөтөлбөрт тусгагдсан хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан санаачилгын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидын хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж улбар шар өдөр болгохоор дэлхийн бүх Парламент, Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагуудад хандаж уриалсан.

Энэхүү уриалгын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/87 дугаар тушаалаар салбарын хамт олон сар бүрийн 25-ны өдрийг Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг “Оранж өдөр” болгон зарлаж, алба хаагчид энэ өдөр хүчирхийллийн эсрэг нэгдэн улбар шар өнгийн хувцас, хэрэглэлээр ижилсэн дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж ирсэн билээ. Энэ сарын 25-ны өдөр амралтаар өдрөөр таарсан хэдий ч 27-ны даваа гарагт  аймгийн ЗДТГ-ын хамт олон НБХ-ийн мэргэжилтэн Т.Энхтунгалагийн “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөвгүүд, эрэгтэйчүүдийг татан оролцуулах нь” сэдэвт сургалтад хамрагдаж, “Оранж өдөр”-т нэгдлээ.