АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫНХАН ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын ивээл дор мал эмнэлгийн салбарт ажиллагсдын “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ОРОЛЦОО” сэдэвт зөвлөгөөн аймгийн төвд болж байна. Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нээж, салбарын ажиллагсдад ажлын амжилт хүслээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, “Сэлэнгэ аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар тогтоол, шийдвэрүүдийг үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг хариуцлага хүлээсэн салбаруудын нэг бол мал эмнэлгийн салбар юм.

Энэ удаагийн салбарын зөвлөлдөх уулзалтад ХХААЯ, Мал эмнэлгийн газар, НҮБ-ын ХХАА-н байгууллага, аймгийн удирдлагын баг, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, МУ-ын зөвлөх малын эмч, доктор, профессор болон аймгийн мал эмнэлгийн салбарт ажиллагсдын төлөөлөл 120 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөний зорилго Сэлэнгэ аймгийг мал сүргийн өвчингүй тайван бүс нутаг болгон бататгах, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, шийдвэрийг аймаг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, учирч болох бэрхшээл хүндрэл, түүнийг төр-иргэн-мэргэжлийн байгууллагын хамтын ямар арга ажиллагаа, бодлого зохицуулалтаар шийдэхийг харилцан зөвлөлдөж оновчтой шийдлүүдэд хүрэх, хариуцлага хамтын ажиллагааны гэрээг байгуулахад оршиж байна. Мөн энэ үеэр салбарын шилдгүүдээ тодруулан урамшуулах ажээ.

Энэ онд МУ-д орчин цагийн Мал эмнэлгийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Мал эмнэлгийн салбартай ажил амьдралаараа холбоотой бүх хүмүүст ойн мэндийг хүргэе.