Л.ЗОРИГТБААТАР ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД 4-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Абилимп-2023” дэлхийн мэргэжлийн ур чадварын уралдаан Франц улсын Мэтц хотод 2023 оны 3 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уралдаанд 25 улсын 650 гаруй оролцогч 45 мэргэжлийн төрлөөр оролцсон бөгөөд Монгол улс уран хатгамлын төрөлд хүрэл медаль хүртэж, нийт оноогоор 11 дүгээр байранд орсон амжилтыг үзүүлжээ.

Эх орноо төлөөлсөн баг бүрэлдэхүүнд Сүхбаатар сумын иргэн Л.Зоригтбаатар багтсан бөгөөд тэмцээнд оролцоход шаардлагатай зардлыг аймгийн Засаг даргаас шийдвэрлэсэн билээ. Л.Зоригтбаатар тус уралдааны эрүүл мэндийн салбарын массажны төрөлд оролцож 4 дүгээр байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна.

Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн мэргэжлийн уралдаандаа амжилттай оролцсон Л.Зоригтбаатартаа халуун баяр хүргэе.