"ОЮУТАН ЦЭРЭГ-2023” ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Батлан хамгаалах сайдын 2023 оны дугаар тушаалаар “Оюутан цэрэг” сургалтыг орон нутагт тэр тусмаа манай аймагт анх удаагаа зохион байгуулж байна.
Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад тус аймгийн Мандал сумын Зүүнхараа Политехникийн коллежийн 10 оюутан хамрагдаж байна.
"Оюутан цэрэг" сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Зүүнхараа Политехникийн коллежийн захирал Ц.Эрдэнэчулуун, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офицер дэд хурандаа М.Ганбат, багш, сурагчид болон эцэг, эхчүүд, оюутан цэрэгт элссэн сурагчид оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр Оюутан цэргүүдэд цэргийн үүрэгтний үнэмлэхийг гардуулж өглөө.
Оюутан цэрэг сургалтад хамрагдах оюутнууд 2023 оны 04 дүгээр сарын 08-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ний өдөр хүртэл бямба, ням гарагт Зүүнхараа Политехникийн коллежийн “Хичээлийн танхим”-д “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдах бөгөөд 06 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн сургалтын нэгдсэн төвд “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтад хамрагдах юм.