МАХ, НООСНЫ ЧИГЛЭЛИЙН СУФФОЛК ҮҮЛДРИЙН ХОНИЙГ СЭЛЭНГЭ НУТАГТ ӨСГӨН ҮРЖҮҮЛЖ БАЙНА

Байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Монгол женетикс сервис” компани 2016 оноос хойш мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуйг Сэлэнгэ аймагт эрхэлж байна.

Суффолк хонь анх Англи улсад 1810 онд албан ёсны үүлдэр болон баталгаажсан бөгөөд дэлхийд махны чиглэлийн хамгийн шилдэгт тооцогддог, сүүлийн 200 жилд тархалтаараа тэргүүлдэг ажээ. Жигд, нарийвтар ноостой, тус хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд эдэлгээ даах чанараар гайхагддаг тул Канад, Австрали, Америк, Англи болон Европын улсууд ихээр худалдан авч нэхмэл сүлжмэлийн үйлдвэрлэлд хэрэглэдэг байна.

Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн үндэсний төв, Монгол женетикс сервис ХХК, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо хамтран Суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуйн танилцуулга өдөрлөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд зохион байгууллаа. Өдөрлөг суффолк хонины онцлог шинж чанар, ашиг шим, маллагаа, тэжээл, хэрэгцээний эрлийзжүүлэг, анхаарах зүйлс зэрэг олон талын мэдээлэл өгсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо.