АЙМГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Сэлэнгэ аймаг, “Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төсөлтэй хамтран аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг газрын мэргэжлийн байгууллага болох “Вектор мэп”ХХК-аар гүйцэтгүүлж байгаа.Аймгийн түвшинд газрын харилцааны асуудлыг өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэх механизм нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө. Аймгийн хөгжлийн алс хэтийн бодлогыг газрын нөөцийн төлөвлөлтөөр дэмжин тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон салбаруудын онцлогтой нягт уялдуулсан, иргэд, олон нийтийн оролцоог хангасан дунд, урт хугацааны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах үндсэн зорилгын дор мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна.“Вектор мэп”ХХК Сэлэнгэ аймгийн ерөнхий төлөвлөгөөг хийж гүйцэтгэх ажлыг 2022 оны 7 сард эхлүүлсэн. Энэ хугацаанд тус компанийн мэргэжлийн баг бүрэлдэхүүн бүх сум, тосгодоор явж шаардлагатай судалгааны ажлуудыг нэг бүрчлэн хийгээд байна. Аймгийн бүх ангиллын газар ашиглалт, геологи болон хүрээлэн буй орчны суурь судалгааг газрын гадарга, хөрс, ургамжилт, цаг агаар гээд маш нарийвчлалтайгаар хийжээ. Мөн түүх соёлын дурсгалт газар, нийгэм эдийн засгийн суурь судалгааг ч гаргасан байна. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 жилийн давтамжтайгаар 3 үе шатанд хувааж 2024-2028 он хүртэлх хугацаанд төлөвлөснөө танилцууллаа. Энэ хүрээнд өнөөдөр сумдын Засаг дарга, газрын албаны мэргэжилтнүүдийг оролцуулсан ээлжит хэлэлцүүлэг болж, оролцогчдын саналыг авч харилцан ярилцлаа.