МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АЛТАНБУЛАГ БООМТОД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт 2 дахь өдрөө ажиллаж байна. Өнөөдөр УИХ, ЗГ-ын гишүүд болон албаны төлөөллийн хамт Алтанбулаг боомтын үйл ажиллагаа, боомтын барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөлийн ажилтай газар дээр нь танилцлаа.

Тус боомтын барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажил цар тахлын улмаас удаашралтай байсан ч ирэх сард ачаа тээврийн шалган нэвтрүүлэх барилга, агуулах, гаалийн лаборатори, 66кВт нарны цахилгаан үүсгүүр, гадна дулаан, цэвэр усны хангамжийн ажил болон бусад дэд бүтцийн ажлуудыг хамруулж буй эхний хэсгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Боомтын барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын 2 дахь хэсэг дууссанаар тус боомтын хүчин чадал 4 дахин нэмэгдэж, үүгээр дамжих тээвэрлэлтийн ажлууд эрчимжих юм.