МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТАРИАЛАНЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт 2 дахь өдрөө ажиллалаа. Монгол Улсын үр тариа, улаан буудай, төмс, хүнсний ногооны гол ханган нийлүүлэгч аймаг бол Сэлэнгэ. Тус аймгийн Зүүнбүрэн сумын “Гэгээлэг трейд”, Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн ургацын талбайд Засгийн Газрын тэргүүн зочилж ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцан, тариаланчдын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхий сайдыг Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарын албаны хүмүүс дагалдан явсан бөгөөд Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд байлцлаа.

Тариаланчдын зүгээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогдож буй газар тариаланг дэмжих 6 хувийн хөнгөлөлттэй зээл болон хөрсний үржил шимээ хадгалж хэрэглэсэн бордооны 30 хүртэл хувийн хөнгөлөлтийг аж ахуй нэгжүүдэд олгож байгаад талархал илэрхийлж бодит дэмжлэг болж байгааг онцолсон. Мөн тариалангийн талбайд мал оруулахгүй хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах асуудал дээр онцгой анхаарч өгөх хүсэлтийг илэрхийллээ. Энэ үеэр тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах тариаланчдын саналыг дэмжсэн юм.

Сэлэнгэ аймаг нь үр тарианы 42 хувь, төмсний 18 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг онцлогтой аймаг билээ.