МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч, тэдний мянга мянган шавь нар, Хүндэт эцэг эхчүүд, Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан бидэнтэй хамтран ажиллаж байгаа гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд ээ!

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын нэрийн өмнөөс баярын халуун дотно мэндчилгээг дэвшүүлье.

“Эрдэм боловсрол-эрдэмт багш-эрхэм шавь” хэмээх гурван хэлхээнд шүтэж, багшийг, эрдэм номыг оройдоо залж, дээдлэн сүсэглэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ бид. Энэ эрхэм нандин уламжлалыг манай үе үеийн багш нар гүн ухамсарлаж, тууштай биелүүлсээр ирсэн бахдам гавьяатайг дуурсахад таатай байна.

Боловсролын багц хууль батлагдаж, хамтаараа боловсролын тэгш бус байдлыг арилгах, монгол хэл бичгийн төгс хэрэглээг эзэмшүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдагч хэл болгож дэлхийн иргэд бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх түүхэн цаг хугацаа тохиож байна.

Миний бие аймгийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш чанартай боловсролыг хангах зорилгын хүрээнд аймгийн Засаг даргын нөөц сан, үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас боловсролын салбарт 232.743.195 төгрөгийг зарцуулаад байна. Сэлэнгэ аймгийн боловсролын салбарыг 2032 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж, улс, аймаг, сум, олон улсын тусламжийн байгууллагаас тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн багш нарын мэдлэг ур чадвар, сургалтын орчин, техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаагаа баярын энэ мөчид сонордуулахад таатай байна. Хамтын ажиллагаатай улс, аймаг, хот мужуудтайгаа хамтран олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал: ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд 21 суралцагч суралцаж, БНСУ-ын Жежү мужийнхан сургуулиудад цахим анги байгуулах үйлсэд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн олгосоор байна.

2023-2024 оны хичээлийн жилд БШУЯ болон аймгийн боловсролын салбарт дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хийсэн, бий болгосон үр дүн, амжилт ололтоо улам бататган баяжуулж, шинийг сэдэж, бусдыг манлайлахыг энэ баярт мөчид Та бүхэндээ уриалж байна.

Багшийн суу алдар, буян заяа, эрдэм мэдлэг дэлгэрч байх болтугай.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.ЛХАГВАДОРЖ