ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 26-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 26-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна.