“ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙН ТҮНШЛЭЛ” II ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа АДРА Монгол Олон Улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” II төслийн багийн менежер Э.Дэлгэрсайхан, орон нутаг хариуцсан ажилтан С.Дэлгэрмаа, агрономич Д.Энхчимэг нарын хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Сэлэнгэ аймаг нь АДРА Монгол Олон Улсын байгууллагатай ХАА-н салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа. Тус байгууллагаас манай аймгийн 13 сум, 30 гаруй хоршоодыг хамруулсан “Органик хөдөө аж ахуйн түншлэл” II төслийг 2023 оны 10 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлж эхлээд байна. ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, АДРА Герман байгууллагаас санхүүжүүлж буй энэ төсөл 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Төслийн үндсэн зорилго органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тэлж, хамтын баталгаажуулалтын тогтолцоо, органик хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн түншлэлийг бэхжүүлэх, орон нутгийн органик хүнсний нийлүүлэлт, борлуулалтын үр ашигтай сүлжээг талуудын оролцоотойгоор бий болгох, органик үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэгдэж байна.