ОХУ-ЫН ХИАГТЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙГАА СУРАГЧДЫН УНААНЫ АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ОХУ-ын БНБУ-ын Хиагтын районд албан айлчлал хийлээ. Засаг даргыг аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Оюун, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Чойсүрэн нар дагалдан явлаа. Албан уулзалтад ОХУ-ын БНБУ-ын Хиагтын талаас Хиагтын раойны дарга Фомин Андрей Юрьевич, хурлын дарга Ванкеева Анжелика Александровна, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Цыдыпылов Евгений Александрович, 4-р сургуулийн захирал Самбаева Галина Николаевна нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтаар Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа Сэлэнгэ аймгийн хүүхдүүдийн унаа тээвэр болон эрх зүйн асуудал, бусад салбар чиглэлд хамтран ажиллах талаар харилцан ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ОХУ-ын БНБУ-ын Ерөнхийлөгч Цыденов Алексей Самбуевич нарын удаа дараагийн албан айлчлалын үр дүнд амжилттай хамтран ажиллаж байгаа салбаруудын нэг бол боловсрол. Өнөөдөр хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын БНБУ-ын Хиагтын районы ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд Сэлэнгэ аймгийн 22 хүүхэд суралцаж байна. Эдгээр хүүхдүүдийг зөөвөрлөх автобусыг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргаас БНБУ-ын Ерөнхийлөгчид уламжлаад байсан юм. Энэ асуудлыг шийдсэн гэдгийг уулзалтын үеэр Хиагтын районы дарга Фомин Андрей Юрьевич мэдэгдлээ. Тэрээр “Автобус бэлэн болсон. Одоо жолоочийн лицензийг баталгаажуулах ажил явагдаж байна. Бид сурагчдаа өглөө 07:30 цагт Алтанбулагаас авдаг байхаар төлөвлөсөн. Тиймээс та бүхэн бүх хүүхдийг өглөө Алтанбулагт байлгах, үдээс хойш мөн Алтанбулагаас авдаг байхад анхаарна уу. ОХУ-ын стандартаар 1-4-р ангийн хүүхдүүд үнэ төлбөргүй хооллоно. 5 дугаар ангиас тодорхой хэмжээний төлбөр авна. Цаашид бидний хамтын ажиллагаа соёл, спорт, залуучууд, сайн дурынхан гээд олон салбар чиглэлд өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж:-“ Хурдан хугацаанд автобусны асуудлыг шийдвэрлэж өгсөнд нийт хүүхдүүд болон эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Аймгийн цаашдын гол зорилго бол ОХУ-ын инженер техникийн их дээд сургуулиудад хүүхдүүдээ сургах. Энэ ажлын суурийг тавьж байгаадаа баяртай байна. Хиагтын аймагтайгаа мод үржүүлэг, хөдөө аж ахуйн чиглэлээр нягт хамтарч ажиллах саналтай байна. Мөн мэргэжлийн байгууллагуудаа холбож өгье. Буриад Улсын мал эмнэлэг, хөдөө аж ахуйн салбартай бид маш сайн хамтарч ажиллаж байгаа. Сэлэнгэ аймагтаа эрүүл бүс тогтоож, мах гаргах бүрэн боломж манай аймагт бий” гэсэн юм.

Сурагчдын автобусыг 2024 оны 1-р сараас явуулж эхлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.