СЭЛЭНГИЙН ХҮҮХДҮҮД СУРЧ БАЙГАА ХИАГТЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ОХУ-ын БНБУ-ын Хиагтын районд албан айлчлал хийх үеэрээ Сэлэнгэ аймгийн хүүхдүүдийн суралцаж байгаа ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцлаа. Энэ үеэр сурагчдыг зөөвөрлөх автобусны асуудал шийдэгдсэн тухай баяртай мэдээг хүүхдүүддээ дуулгаж сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Энэхүү сургууль нь инженер техникийн чиглэлээр цаашид суралцах сонирхолтой хүүхдүүдийн суурийг тавьж өгч байгаа сургууль ажээ. Тус сургууль ОХУ-ын онгоцны үйлдвэрүүд болон технологийн их сургуулиудтай гэрээтэй ажилладаг учраас жил бүр танилцуулах аяллыг зохион байгуулдаг байна. Мөн 11-р ангийн хүүхдүүддээ өөрсдийнх нь сонгосон мэргэжлийн дагуу нарийвчилсан сургалтуудыг явуулдаг аж. Ахлах ангийн сурагчид бүх хичээлийг үзэх шаардлагагүй, өөрийн сонгосон салбар мэргэжлээс хамаарч тэр чиглэлд сургалтыг түлхүү явуулдаг байна. Сургуулийн зүгээс бүсийнхээ авьяастай хүүхдүүдийг хөгжүүлэх төвд 7,14,21 гэх мэтчилэн тодорхой цаг хугацаанд хүүхдүүдээ аваачиж илүү дээд түвшний мэдлэг мэдээлэлтэй болох боломж нөхцөлөөр хангаж ажилладгаа танилцуулж байлаа. Сэлэнгэ аймгаас ирсэн хүүхдүүд математикийн хичээлдээ сайн, орчиндоо хурдан дасаж байгаа тухай багш нар нь ярьж байв.

Нэрт эрдэмтэн Б.Ренчин багшийн суралцаж байсан түүхийн улбаатай тус сургуулийн сургалтын үйл ажиллагаанд Засаг даргын зүгээс компьютерын дэмжлэг үзүүлж, цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилтыг хүслээ. Сурагчдын автобусыг 2024 оны 1-р сараас явуулж эхлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.