ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТЫН ҮНДЭСНИЙ СУДАЛГАА, ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон удирдлагын баг бүрэлдэхүүн ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их сургуулийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Сэлэнгэ аймгийн хүүхдүүдийг тус сургуульд суралцуулах боломж нөхцөл, давуу тал, иргэд, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах болон бусад салбар чиглэлд хамтарч ажиллах саналуудыг гаргасан. ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их сургуулийн төлөөлөгчид дээрх санал хүсэлтийн хүрээнд хамтарч ажиллах боломжтой гэдгийг илэрхийлсэн юм. Тэр тусмаа дулааны эрчим хүч, цахилгааны инженерээр суралцах хүсэлтэй Сэлэнгэ аймгийн сурагчид сургуулийн шалгуур нөхцөлийг хангасан тохиолдолд 100 хувь тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэдгийг тодотгож байлаа. Тус сургууль нь академик хөтөлбөрүүд, оюутнуудад боловсролыг харьцангуй хямд үнээр олж авах боломж олгодог инженер мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа ОХУ-ын томоохон сургуулиудын нэг юм. 1961 оноос хойш геологичид, уурхайчид, барилгачид, эрчим хүчний мэргэжилтнүүд, эдийн засагчид гээд 1500 гаруй Монгол мэргэжилтнүүдийг бэлтгэжээ. Тус сургуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.eng.istu.edu сайтаас аваарай.