СЭЛЭНГЭ АЙМАГ СОЛОНГОС УЛСАД СУВИЛАГЧДАА МЭРГЭШҮҮЛЭН СУРГАНА
Эрүүл мэндийн салбарын голлох үүргийг гүйцэтгэж яваа аймгийн нийт сувилагч нарыг хамруулсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээн дэх манлайлал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн арга хэмжээ аймгийн төвд боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БНСУ-ын Жинжүгийн эрүүл мэндийн их сургуулийн профессор Jung Dae Bum, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.
Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийг олон улс, хот, мужуудтай хамтран салбар бүрд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачилгаар ЭМЯ-тай хамтран БНСУ-ын Жинжүгийн эрүүл мэндийн их сургуульд эрүүл мэндийн салбарын боловсон хүчнээ эн тэргүүнд сувилагч нараа сургаж мэргэшүүлэх ажлыг эхлүүлэхээр болж гурвалсан гэрээг үзэглэлээ.
Сэлэнгэ аймгийн сувилагчид БНСУ-ын Жинжүгийн эрүүл мэндийн их сургуульд онол практик хосолсон мэдлэгийг олж авч, Солонгос улсын эрүүл мэндийн салбарын ололт амжилттай танилцан, нөхцөл байдлыг бодитоор үзэх боломж бүрдэж байна. Эхний ээлжид 25 сувилагч явах бөгөөд төсөл 8 жилийн хугацаанд хэрэгжинэ. Аймгийн зүгээс энэ хугацаанд нийт сувилагч нараа бүрэн хэмжээнд мэргэшүүлэх зорилтыг тавиад байна.