СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНАЛ ЗҮҮН ХОЙД АЗИЙН 14 ДЭХ БҮГД ХУРЛААР ДЭМЖИГДЛЭЭ
БНСУ-д зохион байгуулагдсан NEAR-холбооны 14-р Бүгд хуралд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог оролцлоо. Энэхүү бүгд хуралд Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос гэсэн 5 улсын 52 орон нутгийн гишүүд, Монгол Улсаас 11 аймгийн төлөөлөл оролцсон байна. NEAR нь Зүүн хойд Азийн 5 улсын засаг захиргааны томхон нэгж өөрөөр хэлбэл муж, аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны байгууллага юм.
14-р Бүгд хурлын өмнө БНХАУ-ын Өвөрмонголын ӨЗО-д Монгол-Хятадын хамтарсан 4 дэх удаагийн экспо арга хэмжээ зохион байгуулагдсан. Тус арга хэмжээний үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Энэ үеэр Им Бён Жин NEAR Хэрэг эрхлэх газраас шинээр хийх ажлын төлөвлөгөө, Зүүн хойд Азийн өнөөгийн нөхцөл байдал, стратегийн ач холбогдол зэргийг танилцуулан цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн 14-р Бүгд хуралд оролцохыг урьсан билээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог Монгол Улсын бусад орон нутгаас Сэлэнгэ аймаг хамгийн түрүүнд NEAR-д элссэнийг тодотгон, NEAR-ийн олон үйл ажиллагаанд Сэлэнгэ аймаг идэвхтэй оролцож байгааг дурдаад NEAR холбооны 14-р Бүгд хуралд “Орон нутгийн төрийн албан хаагчдыг харилцан солилцох, мэргэшүүлэх сургалтуудад хамруулах, мэргэжил арга зүйн чиглэлээр харилцан ашигтай иргэдэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг” оруулж өгөх саналыг тавиад байсан юм.
 
✅
БНСУ-ын Үльсан хотод зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн 14-р Бүгд хурлаар \The ‘’NEAR 14th ‘’ General Assembly\ Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогийн энэхүү саналыг авч хэлэлцэж 2024 оны NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусган, Зүүн хойд Азийн 14 дэх Бүгд хурлын Тунхаглалын бичгийн 3-р зүйл болгон оруулсан нь манай төрийн албан хаагч, иргэдэд хамтын ажиллагааны хүрээнд харилцан солилцоонд хамрагдах, олон талт үйл ажиллагаанд оролцох өргөн боломж нээгдэж байна.