СЭЛЭНГЭ АЙМАГ ИНЖЕНЕРҮҮДЭЭ ОХУ-Д БЭЛТГЭНЭ

Аймгийн ЗДТГ-аас Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Орос хэл-соёлын баяр” арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ОХУ-ын ЭСЯам, ОХУ-ын Соёл, шинжлэх ухааны төв, Буриад улсын их сургууль, ОХУ-ын “Газопород” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал найрамдалт хамтын ажиллагаагаа  улам бүр өргөжүүлэн тэлэх байр суурийг илэрхийлж, санал солилцлоо.

Сэлэнгэ аймаг нь ОХУ-тай боловсрол, эрүүл мэнд соёл, хөдөө аж ахуй, спортын салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн уулзалтаар Сэлэнгэ аймагт нэн хэрэгцээт байгаа инженер боловсон хүчнийг бэлтгэх, орос хэлний бэлтгэл анги нээх, салбар бүрийн хамтын ажиллагааг тэлэх саналыг гаргаж, ОХУ-ын албан төлөөлөгчид хамтран ажиллах боломжтойг илэрхийлсэн.

Буриадын их сургууль 2 жилийн хугацаатай орос хэлний багш нарыг бэлтгэж байгаа бол Томскын их сургууль инженерийн ангидаа Монгол оюутнуудыг тэр дундаа Сэлэнгийн хүүхдүүдийг сургаж эхэлжээ. Мөн “Газопород” компани Сэлэнгэ аймагт инженер мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой гэлээ. Өнөөдөр ОХУ-ын Буриадын их сургуульд 50 гаруй Монгол оюутан суралцаж байгаа бол Хиагтын ерөнхий боловсролын сургуульд Сэлэнгийн 21 хүүхэд суралцаж байна. Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их сургуульд Сэлэнгийн 30 гаруй хүүхэд суралцах эрхээ аваад байна.

Ийнхүү Сэлэнгэ аймаг ОХУ-д бэлтгэж эхэлсэн эмч, багш боловсон хүчнийхээ араас инженер мэргэжилтнээ бэлтгэхээр боллоо.

“Орос хэл-соёлын баяр” арга хэмжээ маргааш Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Булган, Дархан-Уул, Орхон аймгийн багш суралцагчид оролцсон хойд бүсийн уралдаанаар үргэлжлэн явагдана.