ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ХУРАНДАА, Б.ЦЭВЭЭНДАШ 355 КМ МАРАФОН ГҮЙЛТЭЭ 1 ДҮГЭЭР САРЫН 2 НД ЭХЛҮҮЛЖ, ӨНӨӨДӨР СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД ИРЛЭЭ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Оросын Холбооны Улсын хил хүртэл 355 километр замыг туулахаар /2024.01.02/ Зайсан толгойгоос "Ice Nomad Marafon" хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлж өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ирлээ.

Тэрээр "Орчин үеийн залууст үлгэр дуурайл болж, зөв зүйлд уриалахаар энэхүү шийдвэрээ гаргасан. Мөн спортоор хичээллэх нь хүний амьдралд хэрхэн сайнаар нөлөөлдөг, өөрчилдөг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Одоогийн залуус хүйтнээс айдаг даарч үзээгүй нялцгай болсон. Гүйдэг монгол болох хэрэгтэй” хэмээн залуучуудад уриаллаа. Мэргэжлийн тамирчид урт замд өвөл гүйхийг сайшаадаггүй ч эрсдэлийг тооцоолж энэхүү шийдвэрээ гаргаж гүйлтээ эхлүүлсэн бол өнөөдөр ийнхүү амжилттай өндөрлүүллээ. Тус марафон нь өвлийн хүйтний тодорхой асуудлуудыг шийдэж чадвал өвлийн аялал жуулчлал хөгжих боломжтойг харуулах, мөн хүүхэд залуусыг биеийн тамираар хичээллэхийг уриалах зорилготой юм.