МЭНДЧИЛГЭЭ
Эх орныхоо дөрвөн зүг найман зовхис, тив дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж хөдөлмөрлөж яваа Сэлэнгэчүүддээ шинэ он шинэ жилийн мэнд хүргэе.
2023 он та бидний хувьд ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн, том том төсөл хөтөлбөрүүдийн шинэ гарааны жил байснаараа онцлог байлаа.
-Энэ онд Сэлэнгэ түмний дундаас Хөдөлмөрийн баатар, Гавьяатууд олноор төрөн гарч түүхийн хуудсаа зузаатгалаа.
-Атрын анхдагч Сэлэнгэчүүд газар тариалангийн түүхэн дэх 65 жилийн арвин их ургацаа хураан авч, төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ.
-Ургац тээврийн гол зам болох Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар чиглэлийн хатуу хучилттай 120 км зам ашиглалтад орж, аймгийн маань 15 сум засмал замтай холбогдлоо.
-Монгол Улсдаа дээгүүрт тооцогдох 400 сая тоннын нөөцтэй, 5200-7200 ккал/кг илчлэгтэй нүүрсний шинэ уурхай Түшиг суманд үйл ажиллагаагаа эхлүүллээ.
-Сүхбаатар суманд 50мвт дулааны цахилгаан станцын шав тавигдаж, иргэдийн олон жилийн хүлээлт болсон ажил эхэллээ.
-Ази-Европыг холбосон эдийн засгийн гол бүс болох Алтанбулаг боомтын шинэчлэлтийн ажил амжилттай хийгдлээ.
-Аймгийн төвдөө 5000 тонны шатахууны нөөцийн агуулахыг барихаар ОХУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
-Төрийн албан хаагчиддаа орон нутгийн нэмэгдэл олгосон цөөн аймгийн нэг болж, алба хаагчдынхаа ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог сайжрууллаа.
-Сэлэнгэ нутгийн цог золбоо дүүрэн хүүхэд залуус хүүхдийн спортын их наадмын тэргүүн байранд шалгарч 21 аймгаа манлайллаа.
-Айл бүхэн, хүн бүр үр шимийг нь хүртэх олон сайхан төсөл хөтөлбөр ирэх шинэ онд хэрэгжихээр та биднийг хүлээж байна.
-Монгол ахан дүүсдээ Сэлэнгэ аймгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс шинэ жилийн, шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нацагдоржийн ЛХАГВАДОРЖ