ЗУЛ БИЧИГ
Хандын ЖАВХЛАН
(1948-2023)
Сэлэнгэ аймгийн Нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллагын ахмад ажилтан Хандын Жавхлан 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өвчний учир таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.
Хандын Жавхлан нь 1948 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт төрж, 1956-1966 онд Орхонтуул сумын бага сургууль, Улаанбаатар хотноо 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд суралцан төгсөж, Орхонтуул сумын “Хөгжил” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.
1969-1972 онд хугацаат цэргийн албаа хааж, 1972-1978 онуудад Сэлэнгэ аймгийн Шарын голын жимс ногооны сангийн аж ахуй болон Сүхбаатар хотын МХЗЭ-ийн хорооны Нарийн бичгийн дарга, 1978-1982 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуульд элсэн суралцаж, 1982-1984 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Спирт бал бурам комбинатад шинэ тутам байгуулагдаж байгаа Гахайн үржил бордооны заводын даргаар томилогдон ажиллаж улмаар 1984 онд Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторын Намын үүрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
1991 онд аймгийн Хянан байцаах хэлтсийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах Улсын байцаагчаар томилогдон 1993 оноос аймгийн ЗДТГ-ын Төлөвлөлт, санхүү, эдийн засгийн хөгжлийн бодлогын хэлтэст Зохион байгуулагчаар ажиллаж байв. 1994 -1999 онд Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны дэд даргаар, 1999-2001 онд аймгийн ЗДТГ-ын Мэргэжлийн хяналтын албаны даргаар, 2001-2004 онд аймгийн Татварын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байлаа.
Х.Жавхлан 2004 онд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдож, аймаг орон нутгийн хэмжээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх, түүний үйл ажиллагааг олон түмэнд ойртуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулахад ихээхэн анхаарч байсан юм. Х.Жавхлан аймгийн ИТХ-ын даргаар ажиллах хугацаандаа “Тариалангийн хөгжлийн дэд хөтөлбөр”, “Сэлэнгэ-жимс, жимсгэнэ”, “Сэлэнгэ-зөгий”, “Сэлэнгэ-зоорь”, “Шинэ ажлын байр”, “Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг өрхийн аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг дэвшүүлж олон хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн нь аймгийн эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар хүрээг өргөжүүлж, иргэдийг ажлаар хангах, амьдралын чадавхыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулжээ.
Тэрбээр 2007 онд “Сэлэнгэ аймгийг 2021 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийг эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр боловсруулан баталж гаргасан нь хөгжлийн урт хугацааны хөтөлбөртэй анхны аймаг болж энэхүү хөгжлийн хөтөлбөр нь эдүгээ хүртэл манай аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тулгуур үндэс болсоор байна.
Х.Жавхлангийн хөдөлмөр зүтгэл, ажлын амжилтыг нь үнэлж 1994 онд Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн аварга ажилтнаар шалгаруулж байсан ба 2020 онд Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, төрийн дээд “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Засгийн газрын яам, агентлагуудын “Тэргүүний ажилтан” цол, бусад шагналуудаар шагнажээ.
Х.Жавхлан нь Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Улаан загалмайн хорооны дарга, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, аймгийн Боксын холбооны тэргүүн зэрэг нам олон нийтийн байгууллагуудыг удирдаж, нийгэм, хамт олон, иргэдийн эрх ашгийг дээдэлж, тэдэнд сурч боловсрох, хөгжих үйлсэд нь дэмжлэг үзүүлж идэвхтэй ажилласны дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 удаа Төлөөлөгчөөр сонгогдож Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байв.
Талийгаачийн төр захиргааны байгууллагад олон жил ажилласан нөр их хөдөлмөр зүтгэл, хүнлэг энэрэнгүй зан чанар, хамт олныг удирдан зохион байгуулах ур чадвар, сэтгэлгээний өргөн цар хүрээ, ухаалаг нинжин харилцаа хандлага, зөөлөн дулаан дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнх хадгалагдан үлдлээ.
Талийгаачийн хань, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран ажиллаж байсан хамт олон, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР