АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ШУУРХАЙГААР ХУРАЛДЛАА
ОХУ-аас МУ-д өгдөг цахилгаан эрчим хүчний чадлын хэмжээ өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар буурч байгаагаас үүдэж улсын хэмжээнд эрчим хүчний нэгдсэн сүлжээ хязгаарлалтын горимд шилжих нөхцөл байдал үүсээд байгаа юм. Урьдчилсан байдлаар гэмтлийн улмаас дээрх нөхцөл байдал үүссэн, гэмтлийг засаж хэвийн байдалд оруулах хүртэлх хугацаанд эрчим хүчийг бууруулан өгч байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Аймгийн Онцгой комиссын даргаас энэ хугацаанд аймаг орон нутгийн хэмжээнд эрчим хүчнээс хамааралтай объектуудаа бүхий л нөөц боломжоо ашиглан “хөлдөөхгүй” байлгах, эмнэлэг, дулааны цахилгаан станц, усны аж ахуй зэрэг 1-р зэрэглэлд багтдаг байгууллагуудыг онцгой анхаарч хариуцлагатай ажиллахыг аймгийн Онцгой комиссын гишүүд болон бүх шатны удирдлагуудад үүрэг болголоо. Эрчим хүчний хязгаарлалт болон цахилгаан эрчим хүчтэй холбоотой үнэн зөв бодит мэдээллийг цаг тухай бүр олон нийтэд мэдээлж ажиллахыг “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ”ХК-ийн Сэлэнгэ салбарт даалгалаа.
Хүйтний эрч нэмэгдсэн энэ өдрүүдэд эрчим хүчний хэрэглээ тэр хэрээр нэмэгддэг. Улсын хэмжээнд 2022-2023 оны өвлийн улирлын оргил ачаалал 2023.01.24-ний өдөр 1474 МВт-д хүрч байсан бол өчигдөр буюу 2023.12.12-ны 18:00 цагт 1521 МВт-д хүрчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн энэ ачаалал цаашид ч нэмэгдэх төлөв байдалтай байна.
Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэд та бид хамтарч хамтын хүчээр даван гарах учир байгаа орчныхоо дулаан алдагдлыг багасган, хаа хаанаа хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос уриалж байна.