АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БНХАУ-ЫН ГҮЙ ЖӨҮ МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Сэлэнгэ аймаг "Гадаад харилцааг эдийн засагжуулах нь" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд олон улс, хот, мужуудтай хамтран ажиллаж байгаагийн нэг нь БНХАУ-ын Гүй Жөү муж. Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж УИХ-ын гишүүн Ч.Ундрамын урилгаар манай аймагт зочилсон БНХАУ-ын Тяньжины гадаад хэлний их сургуулийн Хятад-Монголын судалгааны төвийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Лю Пен, ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх нарыг хүлээн авч уулзсан. Монгол Хятад хоёр орны төр засгийн зүгээс “Нэг зам-Нэг бүс” төслийг харилцан үр ашигтай хөгжүүлэх дээд түвшний уулзалт, гэрээ хэлцлүүдийг удаа дараа хийсээр байгаа. Энэ удаагийн уулзалтаар боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, аж үйлдвэр, хилийн худалдаа зэрэг өргөн агуулгын хүрээнд ярилцаж, харилцан газар дээр нь туршлага судлахаар тохиролцлоо. Аймгийн Засаг даргын зүгээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг чадавхжуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудал дээр хамтран ажиллах хүсэлтийг гаргасан. Гүй Жөү муж нь БНХАУ дотроо аж үйлдвэр, аялал жуулчлал өндөр хэмжээнд хөгжсөн муж учир туршлага судалж, энэ давуу талыг нь нутагшуулах боломжтой юм.Уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Ундрам, гишүүний Гадаад харилцааны зөвлөх Н.Манчук, Аймгийн ЗДТГ-ын удирдлагын багийн төлөөлөл, Сант сумын Засаг дарга С.Шижирбаатар, БШУГ, МСҮТ-ийн төлөөлөл байлцлаа.