ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 60 ДАХЬ УДААГИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ
Аймгийн ургацын баярын хүрээнд Ойн гавьяат ажилтан, МУ-ын Хөдөлмөрийн баатар Б.Жамсрангийн нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 60 дахь удаагийн барилдаан Сэлэнгэ аймгийн төвд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 20 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 85 тамирчид 3 насны ангиллаар оролцож байгаа юм. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Монгол үндэсний үнэт өв соёл болсон хүчит бөхийн барилдаанаар сонирхон хичээллэж байгаа залуусынхаа цаашдын сурч мэдэх их үйл хэрэгт нь амжилт хүсэж, эх орон ард түмэндээ хүндлэгдсэн ирээдүйн аваргууд энэ дэвжээнээс төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.
Барилдаан аймгийн Спортын ордонд 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд явагдах тул та бүхнийг шимтэн үзэхийг урьж байна. Нийт бөхчүүддээ амжилт хүсье.