E-Mongolia СИСТЕМ ДЭХ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ДАХИН ЗАГВАРЧИЛЖ БАЙНА
“И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист Г.Буднямаар ахлуулсан баг Сэлэнгэ аймагт 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд ажиллаж байна. E-Mongolia систем дэх орон нутгийн үйлчилгээнүүдийг дахин загварчилж, шинээр нэвтрүүлэх үйлчилгээг судлах ажлын хүрээнд 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 23-ны хооронд Сэлэнгэ аймгийн 25 байгууллагатай уулзалт хийлээ. Уулзалтаар эдгээр байгууллагын цахимаар үзүүлдэг 73 үйлчилгээний процессын судалгааг авч, 7 шийдвэрлэх албан хаагчийн эрхийн тохиргоо болон мэдээллийг шинэчиллээ.
Мөн 9 байгууллагаас 19 үйлчилгээг E-Mongolia системд шинээр нэвтрүүлэх санал ирүүлсэн бол Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 18 үйлчилгээнд urban.gov.mn систем, Эрүүл мэндийн газрын 8 үйлчилгээнд tzmoh.gov.mn системийг нь холбох саналтай байгаагаа илэрхийлжээ. Томилолтын хугацаанд “И-Монгол академи” УТҮГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Баянжавзан, фронт-энд хөгжүүлэгч Л.Бямбатогтох нар Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран 30 албан хаагчид, Сэлэнгэ аймгийн ахмадын холбоотой хамтран 25 ахмадад цахим ур чадвар олгох сургалт явууллаа.
Албан хаагчдад “E-Mongolia 3.0 ба E-kids” сэдэвт сургалтыг E-Mongolia системийн танилцуулга, E-kids цэсийн ерөнхий мэдээлэл, ашиглах заавар болон E-Mongolia 3.0 шинэчилсэн хувилбарын нэмэлт өөрчлөлт, сайжруулалт, хөгжүүлэлт зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулав.
Ахмадуудад ухаалаг утасны тохиргоо, хэрэгцээт гар утасны аппликэйшн, интернэт хэрэглээ, E-Mongolia аппликэйшн ашиглалт, E-Mongolia 3.0 нэмэлт үйлчилгээ зэрэг агуулга бүхий “Ухаалаг утасны хэрэглээ, E-Mongolia апп, хөтөч ашиглалт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын явцад E-Mongolia системд нэвтрэхэд гарсан асуудлыг шийдэж, шинээр бүртгэл үүсгэж, нууц үг сэргээх, утасны дугаар солих заавар зөвлөгөө практикт тулгуурлан өглөө.
Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн 204 иргэнээс E-Mongolia системийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг авсан бол маргааш буюу Баасан гарагт Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн сургалт орохоор бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.