СУМДАД ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГА, ОЛГОЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
Сэлэнгэ аймаг 2023 оныг иргэдийн оролцоотой цахим хөгжлийн жил болгон зарласан. Энэхүү зарласан жил болон Улсын бүртгэлийн байгууллагын түүхт 83 жилийн ойн хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэлийн цаасан суурьт баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, дундын мэдээллийн сангаар дамжуулан иргэдийн өдөр тутмын хэрэглээнд амжилттай нэвтрүүлсэн, иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлсэн амжилтдаа тулгуурлан иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг төрийн үйлчилгээний анхан шатны нэгжээс иргэн, хуулийн этгээдэд хүргэх ажлуудыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс сумдад үндэсний энгийн гадаад паспортын захиалга, олголтын үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангасны дүнд ойн арга хэмжээгээ угтан эхний ээлжинд хүн ам олноор суурьшсан Мандал суманд гадаад паспортын захиалга авснаар эхний гадаад паспортууд хэвлэгдэж, иргэдэд хүргэгдэхэд бэлэн боллоо. Цаашид 2023-2024 онд багтаан аймгийн нийт сумдад үндэсний энгийн гадаад паспортын захиалга, олголтын үйлчилгээг нэвтрүүлнэ.