УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН “ЭНХХОС МӨРӨН” ХХК

“Энх хос мөрөн” ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 2004 оноос эхлэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, 700 га эргэлтийн талбайд өнөөг хүртэл тасралтгүй 19 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь байгаль цаг уураас хараат, усалгаагүй нөхцөлд 700 га талбайд улаанбуудайн тариалалт хийж тариалангийн технологийг мөрдөн ажиллаж тогтвортой ургац хураан авч байна. Газар тариалан эрхлэх хугацаандаа цаг уурын тааламжгүй гантай болон тааламжтай жилүүдэд усалгаагүй талбайгаас тогтмол тогтвортой ургац хураан авч байгаа нь тухайн орон нутгийн хөрс, цаг уурын онцлогт тааруулан тариалалтын хугацаа, үр суулгах гүн, үрийн нормыг тохируулан, ургамал хамгааллын арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, шинэ техник, технологи нэвтрүүлэн агротехникийн горимыг мөрдөж ажилласантай холбоотой. “Энххос мөрөн” ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд бүртгэлтэй аж ахуйн нэгж бөгөөд сүүлийн 3 жилд 93.4 сая төгрөгийн татварын орлогыг аймаг орон нутагт төвлөрүүлсэн байна. 2023 онд улаанбуудай 540 га талбайгаас 19,1 цн буюу 1048 тн, тосны ургамал 162 га талбайгаас 80 тн хураан авсан байна.