УЛСЫН АВАРГА МАЛЧИН ГАТАВЫН БАТТУЛГА

Алтанбулаг сумын Цөх багийн малчин Гатавын Баттулга нь 1991 оноос одоог хүртэл 33 жил мал маллаж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар 878-975 толгой, 2023 оны жилийн эцсийн мал тоогоор нийт 975 толгой мал тоолуулжээ. Тэрээр мал сүргээ тооноос чанарт шилжүүлэн малынхаа үүлдэр угсааг сайжруулахыг эрхэмлэн махны чиглэлийн “Сэлэнгэ үүлдэр”-ийн үхэр сүрэг, Дорнодын илүү нугаламт Барга үүлдрийн хонин сүрэг өсгөн үржүүлж байна. Мөн малгүй, ажил хөдөлмөр тогтвортой эрхлээгүй, амьжиргааны орлого хүрэлцээгүй тус сумын 4 гэр бүлд сүүлийн гурван жилд бог, бод нийлсэн 52-128 толгой мал, сумынхаа 290 жилийн ойн арга хэмжээнд нэг сая төгрөг, аймгийн Улаан загалмай нийгэмлэгт энэрэнгүй үйлсэд зориулан нэг сая төгрөг тус тус хандивласан сайн үйлстэн, 2015 оны “Аймгийн аварга малчин” юм.