УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ПҮРЭВНЯМЫН БАЯНМӨНХ

Цагааннуур сумын "Ургацын хишиг" ХХК-ийн механикжуулагч Пүрэвнямын Баянмөнх "Улсын аварга тариаланч" хэмээх эрхэм цолны эзэн болж шагналаа хүлээн авлаа. П.Баянмөнх нь 2001 -2010 онуудад “Атар трэйд” ХХК-д жолооч тракторч, 2010 оноос одоог хүртэл “Ургацын хишиг” ХХК-д тракторч комбайнчнаар ажиллаж байна. Тэрээр JOHN DEERE трактораар хаврын тариалалтыг технологийн хугацаанд нь гологдолгүй, үрийн норм, гүний тохиргоог агротехникийн зааврын дагуу хийдэг, зун тарианы хор, уринш боловсруулалтыг чанартай хийдэг, намрын тариа хураалтанд JONH DEERE-1076 комбайнаар ажиллан жил бүр төлөвлөгөөг давуулан биелүүлж ажилладаг механикжуулагч юм. Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийг нарийн чанд мөрдөн, үрэлгээг чанартай хийснээр ургацын хэмжээгээ жил бүр дээшлүүлж эдийн засгийн үр өгөөжөө өсгөн ажиллаж байна. П.Баянмөнх 2023 онд трактораар 770 га талбайд ажил гүйцэтгэж, комбайнаар 750 га талбайгаас 1492,5 тн улаанбуудай хураажээ.