УЛСЫН АВАРГА ФЕРМЕР Б.ЧИНТӨГС

Орхонтуул сумын Шар-Ус багийн фермер Бандийн Чинтөгс “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ээр тодорлоо. Б.Чинтөгс нь 2003 оноос одоог хүртэл 21 жил мал маллаж байгаа бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, эрчимжүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, төр засаг болон аймаг, орон нутгаас баримталж байгаа бодлого, зорилттой уялдуулан 2013 оноос эхлэн үхрийн фермерийн аж ахуй байгуулан ажиллаж байна. Тэрээр нарийвтар ноост Орхон үүлдрийн хонин сүрэг, Сэлэнгэ үүлдрийн үхэр сүргээ махны чиглэлийн өндөр ашиг шимт Казакын цагаан толгойт, Герефорд зэрэг цэвэр үүлдрийн хээлтүүлэгчээр сайжруулан өсгөн үржүүлж байна. 2016 онд сумын “Аварга фермер”-ээр, 2019 онд “Аймгийн аварга фермер”-ээр, МУЗН-ийн Нигүүлсэнгүй үйлст “Манлай малчин”-аар тус тус шалгарч байсан бол өнөөдөр ийнхүү “Улсын аварга” малчин боллоо.