УЛСЫН АВАРГА НОГООЧИН У.ЭРДЭНЭСАН

Орхон сумын ногоочин Уужинбаагийн Эрдэнэсан нь “УЛСЫН АВАРГА НОГООЧИН” хэмээх эрхэм алдарын эзэн боллоо. Тэрээр Сэлэнгэ аймгийн Орхон сум Шийрийн бригадад 2004 оноос бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2005 оноос 20 га талбай эзэмшин эрт болцтой /солист сорт/ болон оройн болцтой /гала сорт/-ын төмс үржүүлэн тариалалт хийж нутгийнхаа болон Монгол Улсынхаа ард иргэдийг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж ирсэн. 2020 оноос төмс хүнсний ногоо тариалах талбайн хэмжээгээ нэмэгдүүлэн 70 га талбайд тариалалт хийж байна. Гүний худаг гарган хашаажуулах ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж 100 тн зоорь барьж ашиглалтад оруулсан. Хөрсний үржил шимийг хамгаалах тал дээр ихээхэн анхаарал хандуулан жил бүр төмсний талбайгаа уламжлалт аргаар малын бууц цацан бордож га–аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд гол зорилгоо болгон ажиллаж ирсэн арвин туршлагатай ногоочин юм.