УЛСЫН АВАРГА МАЛЧИН Жамсрангийн ХАЯНХЯРВАА

Хушаат сумын Мөнхтолгой багийн малчин Ж.Хаянхярваа нь 1992 оноос одоог хүртэл 32 жил мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж яваа удам дамжсан малчин. Тэрээр сүүлийн 3 жилд 850-265 толгой, 2023 оны жилийн эцсийн мал тоогоор 265 толгой мал тоолуулсан байна. Энэ нь Ж.Хаянхярваа малчны хувьд малын тоо толгойг цөөрүүлэн, үхэр сүрэг дагнан өсгөх зорилго тавин ажилласных. Тиймдээ ч үхрийн дулаан байр барьж, малын тоог бус чанарыг эрхэмлэн, малынхаа үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлсээр яваа юм. Ж.Хаянхярваа сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулан өрхийн эдийн засгаа сайжруулах чиглэл баримтлан Сэлэнгэ, Казакын цагаан толгойт, Герефорд үүлдрийн махны чиглэлийн үхэр сүргийг маллан жил бүр 35-40 өсвөр үхрийг бордож хаврын улирлын махны хэрэгцээнд нийлүүлдэг. Ж.Хаянхярваа 2019 онд “Аймгийн аварга малчин”, 2023 онд “Алтан тугал”-ын эзнээр тодорч байсан юм.