"ЕРӨӨ CUP-2024" МӨСӨН СУРЫН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ХАРВАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол наадмын нэгэн төрөл бол сур харваа. Энэхүү харвааны өвлийн улирлын хэлбэр болох мөсөн сурын харвааг нийтэд таниулах, уламжлалаа сэргээх, харваачдын ур чадварыг сайжруулах үндсэн зорилгын дор "ЕРӨӨ CUP-2024" нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн харваа Ерөө сумын Дааган дэл хэмээх ариун дагшин газар болж байгаа юм. Тус газар нь 1719-1720 онд Нийслэл хүрээ 7 дахь удаагаа нүүдэллэж байсан түүхт газар ажээ. Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог соёлын биет болон биет бус нандин өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нийт харваачдадаа талархал илэрхийлж, мөсөн сурын харваанд амжилт хүслээ. Сэлэнгэ аймаг 2024 оныг "Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих бил" болгон зарласны дараах анхны олон улсын чанартай арга хэмжээ энэхүү нээлттэй харваан тэмцээн болж байна. Нээлттэй харваанд Монгол, Буриад, Өвөр монголын баг тамирчид тэсвэр хатуужил, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Манай аймгийн баг тамирчдын тухайд мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байгаа.