"ЦАЙНЫ ЗАМ БА МАЙМААЧИН ХОТ"-ЫН ТАЛААРХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Тэртээ 1729 оноос үүсэлтэй өнөөгийн Алтанбулаг сумын төв эртний Маймаачин хот болон түүгээр дайран өнгөрч байсан Хятад, Монгол, Орос зэрэг гурван улсын нутгаар дамжин өнгөрдөг 13000 гаруй км урттай Ази-Европыг холбосон худалдааны зам "Цайны зам"-ын талаар судалгаа шинжилгээ хийж "Дэлхийн соёлын өв" буюу НҮБ-ын Юнескод бүртгүүлэх ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр "Цайны зам"-ын эхлэл боомт болсон БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотын Соёлын байгууллагын ажилтнууд, судлаачид, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ТЗУХ-ийн дарга Д.Хишигбат, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн ажилтнууд оролцсон уулзалт боллоо. Ази европыг холбосон "Цайны зам" нь манай Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн Ивцэгийн Нарийн могойн өртөө, өнөөгийн Суваргын үзүүр гэж нэрлэж заншсан Гялаан нуурын Босго өртөө, эртний Маймаачин хот буюу Хиагт хот гэсэн чиглэл маршрутаар дамжин ОХУ-руу чиглэж арилжаа наймаа эрхлэн, тэмээн жин тээдэг байсан худалдааны зам юм. Цайн замын гол боомт болох эртний Маймаачин буюу Хиагт хотын туурь, Алтанбулаг сумын төвд байрлах эртний түүх дурсгалын барилгуудыг судлан шинжилж, сэргээн засварлаж, Дэлхийн соёлын өв Юнескод бүртгүүлж чадваас аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн бий болж, Алтанбулаг сумын төв аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих бүрэн боломж бүрдэх юм.