ЗУЛ БИЧИГ
Зундуйн МААНЬЖАВ
/1955-2024/
Бидний эрхэм багш Зундуйн Мааньжав нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас таалал төгслөө.
Зундуйн Мааньжав нь 1955 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий хэмээх газар мэндэлжээ. Тэрбээр 1973 онд Сэлэнгэ аймгийн Бумцэндэнгийн нэрэмжит 10 жилийн сургуулийг төгсөж, улмаар 1986 онд Улсын Багшийн Их Сургуульд сурган заах арга зүйч, бага ангийн багш мэргэжил эзэмшсэн.
Багш З.Мааньжав нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 1 дүгээр 8 жилийн сургуульд 1974-1980 онд, 1 дүгээр 10 жилийн сургуульд 1980-1986 онд, 2 дугаар 10 жилийн сургуульд 1986-2008 онуудад бага ангийн багшаар ажиллаж байгаад Улаанбаатар хотын “Их Засаг Лицей Дунд” сургуульд 2009-2017 онд бага ангийн багшаар ажиллаж, гавьяаны амралтаа авсан. Монгол улсын гавьяат багш Зундуйн Мааньжав нь багш хэмээх эрхэм ажлыг нийт 43 жил тасралтгүй хийж, Монголын олон бяцхан сурагч хүүхдүүдийг эрдэм номын мөрд хөтөлсөн буянтан билээ.
Энэхүү хөдөлмөрийг нь төр засгаас үнэлж 1988, 1989, 1996 онуудад Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн аварга багш, 1989 онд Заах арга зүйн нэгдлийн “Арга зүйч” багш, 1990 онд БСШУЯ-ны “Хүндэт жуух” бичиг, 1991 онд “Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан” цол тэмдэг, 1991, 2001 онд Ардын Хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, 1995 онд “Багшийн алдар” медаль, 2000 онд Сэлэнгэ аймгийн Боловсролын салбарын “Зууны манлай”, мөн “Алтан гадас” одон, 2003 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Хөдөлмөрийн аварга багш”, 2004 онд МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг, 2006 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол улсын гавьяат багш” цол тэмдэгээр шагнагдсан.
Багш З.Мааньжавын хүний төлөө хүнлэг энэрэнгүй, элбэрэлт асрангуй, шаргуу хөдөлмөрч, тууштай зарчимч зан чанар, дөлгөөн хичээнгүй дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөрч үлдэх болно.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР