УУЛЫН ДУГУЙН УЛСЫН АВАРГУУД

Уулын дугуйн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ, Монголын Дугуйн Холбоо, 2023 оны Монголын Дугуйн Холбооны “Шилдэг баг” болох “Дугуйтай Сэлэнгэ” клуб амжилттай хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар, Төв аймаг, Эрдэнэт, Улаанбаатар хотын Хубилай клуб, Спортын дунд сургууль,Сонгино хайрхан дүүргийн нийт 98 шигшээ дугуйчид өсвөр болон залуучуудын 6 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Уулын дугуйн улсын аварга кросс каунтри, марафон гэсэн хоёр төрлөөр явагдаж аваргуудаа тодрууллаа. 5 дугаар сарын 25-ны өдөр кросс каунтри, 5 дугаар сарын 26-ны өдөр марафон төрлийн уралдаан болж багийн дүнгээр Төв аймаг тэргүүн байр, Хөвсгөл аймаг дэд байр, Дорноговь аймаг гутгаар байранд шалгарсан. Энэ удаагийн тэмцээнийг Монголын Дугуйн Холбооноос Олон Улсын шүүгчийн эрхтэй 5 шүүгч ирж шүүн явууллаа. Сэлэнгэ сайхан нутгийг минь зорин ирж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон нийт дугуйчиддаа баярлалаа. Улсын аваргын шүүгчдийн бүрэлдэхүүн, тэмцээний оролцогчид, “Дугуйтай Сэлэнгэ” клубийн баг тамирчдын зүгээс уулын дугуйн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймагт зохион байгуулахад дэмжиж тусалсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, “Их говийн жолоо” компанийн захирал Н.Лхагвасүрэн нарт талархал илэрхийлснийг уламжилъя.