Дулаанхаан тосгонд “Би монгол эр хүн” тэмцээн болжээ
Дулаанхаан тосгоны Захирагчийн алба,Үндэсний бөхийн холбоо,Үндэсний сурын холбоо, Морин спорт уяачдын холбоо хамтран ”БТЕГ”ХХК, УБТЗ-ын “ЕРӨӨ” өртөөний ивээн тэтгэлгээр “Би монгол эр хүн” тэмцээнийг зохион байгуулжээ. Монгол эр хүн бүр “Найранд гурван дуутай-Наадамд гурван даваатай” байхыг бэлэгдэн тусгай бэлдсэн байг нум сумаар харвах, бөх барилдах, морийг уналга эдэлгээнд бэлтгэх, монгол ардын дуу дуулах зэрэг ардын уламжлалт өв соёл болоод соёлын биет болон биет бус өвийг нийтэд сурталчилах зорилготой энэхүү сонирхолтой тэмцээнд 12 шилдэг сайн эрс 4 төрлөөр өрсөлдөж, нийлбэр оноогоор тосгоны бүрэн дунд сургуулийн багш Ц.Бүрэнсайхан тэргүүлж “Монгол эр хүн”-ээр тодорсон байна. Мөн нийт эрчүүдийн дунд сээр цохих, гар барилдааны бооцоот тэмцээн зохион байгуулагджээ.
 
Үүний зэрэгцээ аймгийн Замын цагдаагийн тасаг, “ВИДҮ”ХХК, ”Дева” авто жолооны курстэй хамтран жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх “Сайн жолооч” шалгаруулах уралдаант тэмцээн бас болсон байна. Тус арга хэмжээнд эрэгтэй 27, эмэгтэй 3 жолооч оролцон хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа уралдуулан тусгай бэлдсэн талбайд туг сүлжих, ухарч сүлжих, зогсоолд орох, замын хөдөлгөөний дүрмээр мэдлэгээ сорин уралдаж “БТЕГ”ХХК-ий “Цагаан хаалга” өртөөний жолооч М.Отгонбат тэргүүлж, жолооч Ц.Баттөр, Н.Энхбаясгалан нар удаах байруудад шалгарчээ.